2010-02-22 14:19:08
Монголын Нууц Товчоонд өгүүлсэнээр Есүхэй баатар Өэлүнээ Мэргидийн Их Чилэдүгээс булаасан гэх. Хожим Мэргидүүд Тэмүжингээс Бөртэ үжнийг булааж өш авсан нь бий. Бөртэг эргүүлэн авахад жирэмсэн ирж, Өүлэн яалаа даа... Харин дайн самуун болох бүрт дандаа морьгүй хоцордог хөөрхий Бөртэ, түүний хадам ээж бас булаагдаж ирсэн Өүлэн хоёрт нэг нийтлэг зүйл бий. Булаагдах тоолондоо "Миний їнэрийг їнэсэж яв!" хэмээгээд өмссөн цамцаа тайлж өгдөг нь ихэд сентиментал мэт боловч биологийн маш чухал мэдээллийг дамжуулж амждаг байж.
Тэгвэл латин хэлэнд olfactus буюу "үнэр, үнэрийг мэдрэх" гэсэн үг бий... Орчин цагийн шинжлэх ухаанд тэр тусмаа химийн эколог, анагаах ухаан, физиолог, сэтгэл судлалаас эхлээд үнэр шиг хэрэгтэй юмгүй салбар маш олон. Үнэртэн гоо сайхны үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, хүнд үйлдвэрийг бас нэмж хэлье!
Ер нь хүн амьтадаас гадна ургамал, бичил биетнүүд, шавьж, хоёр нутагтан, загас гээд аль ч амьд биеийн хувьд үнэр гэдэг хамгийн хялбар, түгээмэл хэл юм. Энэ хэлээр бүгд ярьна, бүгд ойлгоно.
2004 онд Линда Б. Бакк, Ричард Аксэл нар үнэр хүлээн авагч уургийг нийлэгжүүлсэн ажлаараа Физиолог, Анагаах Ухааны салбарт Нобелийн шагнал хүртсэн нь үнэр гээч ямар чухал болохыг батлана. Зөвхөн хүнд гэхэд 40 сая орчим үнэр хүлээн авах неирон байх бөгөөд тус бүртээ нэг л үнэрийг хүлээн авдгийг "түлхүүр цоож шиг л таарна" гэж хэлэх нь олон. Харин энэ бүгдийг 1000 орчим ген хариуцдаг аж. Үүнийг л хэлж өгсөн нь Линда Б. Бакк Ричард Аксэл нарын гавьяа.
Үнэр гэдэг хурууны хээнээс ч илүүтэй дахин давтагдашгүй цор ганц бөгөөд өчигдөр орой усанд орсон, өнөөдөр цэвэрхэн хувцастай гарсанаас чинь илүүтэйгээр нас хүйс, амьдрах орчин бас микрофлороос ихэд хамаардаг. Тийм боловч major histocompatibility complex буюу MHC хэмээх бүлэг генийн "шууд удирдлага"-д байж тухайн бодгалийн тухай маш чухал мэдээлэл агуулдаг болохыг судлаачид нээж илрүүлсээр байна.
МНС уургууд дархлааны системд хамгаас чухал үүрэгтэйгээс гадна sexual selection, interpersonal compatibility буюу хосоо сонгох, бодгал хоорондын тохироог шийдэж өгдөг болохыг хэвлүүлсэн нь цөөнгүй.
Үнэр хэмээх эртний хэлээр бид одоо болтол ярьдагаа бараг мэдэхгүй бас мартаад эхэлсэнээ ч анзаардаггүй бололтой. Бид мэдэхгүй л болохоос ямар ч зурхай, төрсөн гараг сар жил таарах үгүйгээс илүүтэй саяхан танилцсан залуус цаашдааа хэр тохирсон хос болохыг хэлээд өгч чадах (Chaix R, Cao C, Donnelly P, 2008 Is Mate Choice in Humans MHC-Dependent?. PLoS Genet 4(9)) тийм л хэл ажгуу...
Сураад авахад хэнтэй ч юутай ч ярьж болно. Тэртээ 800 жилийн өмнө Өүлэн, Бөртэтэй хүртэл...
P.S. Гиперосми буюу үнэр хэт мэдрэх эмгэгтэй нэгний тухай Германы зохиолч Патрик Сюскиндийн бичсэнDas Parfum зохиолыг эсвэл түүнээс сэдэвлэн хийсэн Perfume: The Story of a Murderer киног олж үзэхийг зөвлөе!
Нийтэлсэн: biochemiker, Нээгдсэн: 709, Жоорло
Сэтгэгдэлүүд:
zurag evgui yum aa
Bichsen zuilees hudlaa harddag erchuud unen hair setgel, character gedgiig oilgoj avmaar surgamjtai yum baina, tiim uu.