2010-04-16 05:26:47
Нэгэн цагт Украйны Чернобылд болсон цөмийн осол нь хүн төрөлхтний түүхэнд тохиолдсон хамгийн хүнд гамшиг юм. Тэр үед агаар мандалд алдагдсан изотопууд (ихэнх нь задарч дууссан боловч) Европыг одоо ч бохирдуулсан хэвээр... Хяналтаас гарсан цацраг идэвхтэй нэгдлүүд ямар удаан хугацааны туршид амьд биесийг эрэмдэглэж, хувиргаж бас устгах чадалтайг өгүүлсэн нь тун олон. Ослоос хойш 24 жил өнгөрсөн ч 137Cs мэт амь бөхтэй радио изотоп байж болох хэмжээнээс 163 дахин их хэвээр.
Гайхалтай нь Чернобылийн ургамлууд онц хөнөөлтэй энэ нөхцөлд дасан зохицож чадсан нь олон орны эрдэмтэд судлаачдын сонирхолыг ихэд татдаг юм. Тэр бүү хэл Чернобылийн ослын тухай НҮБ-н албан ёсны илтгэлд ослын бүсийн экосистем өөрийн "унаган төрхийг эргэн олсон"-ыг баталдаг (Chernobyl: The True Scale of the Accident. 20 Years Later a UN Report Provides Definitive Answers and Ways to Repair Lives, IAEA, WHO, UNDP, 2005).
Хэдий тийм боловч ургамал хэрхэн яаж дсан зохицсон талаар унших юм хомс. Харин Kovаlchuk, O.: Burke, P. нар цацрагын хордлогын үед Pinus silvestris буюу бидний сайн мэдэх хар мод ДНХ-ээ ихээр метилжүүлэх замаар өөрийн геномоо хамгаалдаг болохыг ажигласан нь бий (Kovalchuk, O.; Burke, P. et al.Genome hypermethylation in Pinus silvestris of Chernobyl-a mechanism for radiation adaptation Mutat. Res.2003, 529, 13– 20).
Тун саяхан Danchenko, M.; Skultety, L. нар Чернобылийн Шар буурцагны дасан зохицох механизмыг протеомиксын орчин үеийн аргуудаар судласнаа Journal of Proteome Research сэтгүүлд хэвлүүлж. Тэдний судлагаагаар ослын бүсээс авсан ургамлын дээжинд агуулагдах 698 уургийн 9.2% нь өөрөөр экспресслэгддэг болж. Энэ нь цистеин ихээр агуулдаг фитохелатин гм ургамлын хамгаалалтын болон нөөцлөх үүрэгтэй уургууд байгаа нь цацрагын хордлогод ургамал хэрхэн "хариу барьдаг", өөрийгөө хэрхэн хамгаалдаг болохыг сайтар таньж мэдэж авахад маш чухал алхам болсон хэмээн өгүүлж байна
Ургамал гэдэг дэлхий дээрхи хамгийн гайхалтай сонин амьд бие гарцаагүй мөн бөгөөд бидний гадарладагаас хавьгүй илүү уян хатан, боловсронгуй бас "ухаалаг" болохыг сайнаар дурсах ганц ч юмгүй Чернобылийн ослын буянаар мэдэж авлаа...
Нийтэлсэн: biochemiker, Нээгдсэн: 387, Жоорло
Сэтгэгдэлүүд: