Monday, February 6, 2012

Солонгос кино


Ёс суртахуунтай байхын цаад учрыг өгүүлсэн ном сургааль олон. Тиймээс шударга журам, ёс төр, сэвгүй нэрийг хүсэх хүний тоо эрүүл энх, аз жаргалыг хүсэгчдээс дутахааргүй олон байдаг. Гэвч бид төр засаг, хууль, шүүх цагдаа гээд бүгдээс нь ёс зүй, үнэнч шудрага байхыг шаардах мөртлөө судлаач, эрдэмтдээс үүнийг огт асуухгүй байна.

Судлаачын ёс зүй эрдэм шинжилгээний ажлын амин сүнс боловч сэвтээхэд хялбар... Ердөө судлагааны алив нэгэн арга зүйг хэрэглэхдээ эсвэл гарсан үр дүнг бичиж тэмдэглэхдээ анхаарал болгоомжгүй хандахаас эхлээд үр дүнг санаатай өөрчлөх, солих эс бөгөөс худал хуурмаг баримт хийхэд л хангалттай. Үүнээс болж олон нийтийг шинжлэх ухаанд үнэмшилгүй болгох, судлагааны үр дүнг хэрэглээнд нэвтрэхгүй болгох, хамгийн аюултай нь судлаачдын бие биедээ итгэх итгэлийг үгүй хийхээс хамгаалах нь хожмын ажлын ирээдүйг шийднэ.
Ердөө 5 жилийн өмнө Сөүл Их Сургуулийн судлаачид Science сэтгүүлд хачин гайхалтай судлагааны үр дүнгүүд (W. S. Hwang et al. Science 303, 1669-1674; 2004, W. S. Hwang et al. Science 308, 1777-1783; 2005) хэвлүүлж шинжлэх ухааныг солонгос кино болгосон түүх бий... Уг нь эдгээр "эрдэм шинжилгээний" гэх бүтээлийн "зохиолч", доктор Hwang Woo-Suk энэ дэлхийн хамгийн анхны хувилсан нохой гаргаж авсан (B. C. Lee et al. Nature 436, 641; 2005) сайн судлаач.
Snuppy, анхны хувилсан нохой
Тэрээр хүний хөврөлийн эсүүдийг хувилсан өгүүлэлүүд нь огт худал болохыг илрүүлэх хүртэл Солонгосын засгийн газраас нийт 40 сая $ грант, өөртөө жил бүр 3 сая $ тэтгэлэг хүртдэг байсан supreme scientist буюу шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн байж. Hwang Woo-Suk шинжлэх ухаанд томоос том бөмбөг дэлбэлж чадсан нэгэн бөгөөд, эрдэм шинжилгээний ажлыг яаж хийж болохгүйн төгс төгөлдөр жишээг үзүүлсэний төлөө дахиад грант өгсөн ч болмоор...
Үүнийг өгүүлдэг учир нь шинжлэх ухааны мастер төлөвлөгөөний тухай өгүүлсэн өмнөх бичлэгдээр маань нэгэн зочин "...Наад төлөвлөгөөний чинь эхний хэсэг болгож, 15 тэрбум төгрөгийн өртөг бүхий нано төвшинд судалгаа хийх лаб байгуулах төсөл хүмүүс боловсруулж байсан ахаас "Юун яасан нано вэ аан" гэсэн чинь инээснээ "Нано яах вэ, цаадуулыг чинь мөнгө өгөх гэж байгаа дээр нь ойр зуурын юм хийж болохуйц лаб байгуулаадхий" гэж билээ. Үнэндээ бол мөнгө мэддэг дуракууд чинь бодитой юм яриахаар юу ч өгөхгүй байгаа юм. Үлгэрт итгээд мөнгө гаргаж байвал түүгээр нь ойр зуурын юмаа бусдын гарыг харахгүйгээр монголдоо хийдэг больё. Асуухаар нь stem cell-ийн судалгаа хө гээд хэлчихнэ, ямар мэдэх биш..." гэх урамгүй нэгэн сэтгэгдэл үлдээснийх билээ.
Үнэхээр их хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарж, олон орны эрдэмтдийн өмнө нэр хүндээ эрсдэлд хүргэх хэмжээнд нэг нь мэдэхгүй нөгөө нь чадахгүй хоёр хуучин лабораторид байхгүй багажаар судлагаа хийж өөрийгөө болон өрөөлийг хуурч байгаа бол эцэст нь солонгос киноноос ч муухай төгсөх нь гарцаагүй.
Судлаачийн ёс зүйн дүрэм (rule for good scientific practice) нь ажилд ороход уншуулж гарын үсэг зуруулаад мартдаг аюулгүй ажиллагааны зааврынхаа араас орох ёсгүйн дээр судлаач хүн бодит үнэн мэдээлэлд тулгуурлан мэдлэгийг бий болгож түүнийгээ ХЭНД Ч ХЭЗЭЭ Ч таниулж ойлгуулах үүрэгтэй билээ.

Сэтгэгдэлүүд:

1. Zochin (зочин) | 2009-02-11 02:30:40
Ih zov sedviig hondoj bichsen bnaa...Gadaadad 1 jil ajilaad ersen chin minii hiisen ajiliig avaad humuus buteel bolgood garagchihsan bj bilee! dongoj surguul togsson shineerei bsan bolhoor ene ah egch nar engejil science hiidiin bh daa geed l gaihad ongorch bilee.
2. alchemist (зочин) | 2009-02-11 02:51:28
heden jiliin omno india n bas neg sudlaach baahan huulbarlasan buteeluud gargadag bsn ni azaartsan gj sonssii shuu, hevluulsen baahan paper tei, ner hundtei erdemten getel neg ilt azaartam yavdlaas bolood huulbarlasan gdg iig ni togtoogood omno ni gargasan paper uudiig ni uztel bugd oor hunii buteeluudiig huulchihsan, lab daaa unendee turshiltaa ch hiij uzelguigeer, ter ch baitugai omno hevlegdsen bsn ehiinh ni ug usgiig ch soliogui ter chigeer ni hevlesen bsn gsn
3. Хэнхэг Гэндэн | 2009-02-11 07:44:23
энэ ч их сенсаци болсон байх шүү. Дэлхийн энэ төрлийн судлаачидыг ямартаа ч ангайлгаж чадсан овоо гар шүү
4. anjigai | 2009-02-11 09:20:16
Аюултай л юм байна.
5. Tseltsegnuur (зочин) | 2009-02-11 11:23:42
Ner tomyog ni sain oilgohguim bn. Gehdee zov l yum yariad baih shig bnaaa ingej
6. melka (зочин) | 2009-02-11 16:14:23
sain sudlaach shuu. ene nohor shig yadaj moligdoj surah yumsan. kkkkkkkk
7. biochemiker | 2009-02-11 18:45:25
Их сургуулийн олонх багш нар сайн молигдож байгаа шт... Хичээл зааж байна гэж оюутан байх үеийнхээ дэвтэрийг уншиж өгнө, судлагаа хийж байна гэж оюутануудын практикийн хичээлийн үр дүнг нэгтгэж бичнэ, эрдмийн зэрэг хамгаалж байна гээд тэр үр дүнгүүдээ 0 (тэг)-д хуваагаад тоо гаргачихна...
8. Урамгүй сэтгэгдэл (зочин) | 2009-02-11 19:27:38
Өмнөх бичлэг дээр урамгүй сэтгэгдэл үлдээсэн зочин байна. Уг нь өөрийн чинь сэтгэгдлийн дараа дахин тайлбар бичих гэж байснаа больчихсон юм. Харин одоо бол бичихгүй бол болохгүй нь.


Юуны өмнө өөрийн санаагаа зөв тайлбарлаж чадалгүй, хүмүүст буруу ойлголт төрүүлэхээр юм бичиж үлдээсэндээ УУЧЛАЛТ гуйж байна.


Монголд, лаборатори байхгүй, дээр нь судалгааны арга, туршлага бүхий эрдэмтэд ховордсон болохоор БУ-ы салбарт үнэндээ өнгөрсөн хэдэн жилд дэвшил гарсангүй. Эрдэм шинжлгээний ажил 1970-д оны төвшинд хийгдэж байгаа гэж би боддог (Мэдээж энд зарим нэг, маш цөөн эрдэмтдийн судалгааг оруулаагүй. Жнь, Биохемикэр таньдаг байх өндөр магадлалтай МУИС-ын Биологийн салбарын Баяртогтох багш гэх мэт). Харин нэг үеэ бодвол судалгаанд зориулагдах багахан мөнгийг ядаж л дотоодоосоо олоод байж болохоор болсон байна. Судалгааны ажил нь зөвхөн эрдэм шинжилгээний ажилтанд хамаатай биш, бас их дээд сургууль багш нарын чадавхийг дээшлүүлэх, түүгээр дамжин төгсөгчдийн чанарт асар их нөлөөтэй.


Нилээн хэдэн жилийн өмнө III ДЦС-ийн шинэчлэл дээр Италийн компани ажиллаж байв. Уг компани пакистан инженерүүд хөлсөлсөн бөгөөд тэдний сарын цалин 2000 доллар, харин монгол инженерийнх түүнээс арав дахин бага байсан. Энэ бол манай эрдэм шинжилгээ, сургалтаас болоод бидний алдаж байгаа зүйлсийн мөнгөн тал, хувь хүн дээр тусаж байгаагийн жишээ. МУИС, ТИС-ыг Харвард, Стэнфорд шиг болгоно гэж мөрөөдөөд яахав. Энэ бол нанотехнологитой адил. Харин Азидаа дундаж хэмжээнд хүргэе гэвэл хамаагүй бодитой болох байх. Гэхдээ тэгэхийн тулд эхлээд судлаач, багш нар нь тэр хэмжээнд очих ёстой. Чадваржих, чадваржуулахын тулд өөрөөс илүү нэгэнтэй хамтрах, түүнээс суралцах, хамгийн гол нь юм хийх хэрэгтэй. Хийхийн тулд, бас өөрөөс илүү нэгнийг хэсэг хугацаанд хажуудаа тогтоохын тулд мундагаа байг боломжийн лаборатори хэрэгтэй. Нэг ахын хэлснээр “Алийн болгон бид гуйлгаар шинжлэх ухаан хийх вэ”.


Монгол жижиг, дээр нь хангалттай мөнгөгүй болохоор тасаг, тэнхим болгонд тусад нь лаборатори байгуулах нь утгагүй. Учир нь уг багажын ашиглалт ядаж 10%-д ч хүрэхгүй. Дээр нь түүнийг арчлаад ажиллуулаад явах хүн тэр болгон байхгүй. Эвдрэхээр засварын мөнгөгүй. Бусад улсын жишгийг харахад ийм нөхцөлд хэд хэдэн байгууллага, их сургуулиудын дунд нэгдсэн нэг лаборатори байгуулдаг байна. Манайд бол улсын хэмжээнд ганц байхад болох юм гээд төсөл боловсруулж байсан юм. Энэ лабораторийн багажуудыг суурь судалгаанд (нано биш) ашиглая, бүх багажийг шинээр авъя гэхэд хагас сая орчим доллар хэрэгтэй болохоор байсан. Үүнтэй төстэй өөр төслүүд бас байсан. Мэдээж эдгээрийн аль аль нь бүтэх магадлал бараг байхгүй. Учир нь мөнгө мэддэг хүмүүс ямар ч саналыг өөрт хэр мөнгө ноогдох вэ гэдгээр нь харна.


Үүний ердөө дараахан нь дээрхи наногийн 15 тэрбумын яриа яригдсан хэрэг. Тэр мундаг хөтөлбөрийг хэн, ямар зорилгоор зохиосныг, ер нь нанотехнологи гэдэг юу болохыг сайн мэдэхгүй болохоор хайхраагүй. Харин лаборатори байгуулна гэдгийг нь бол дэмжсэн. Ойр зуурын юм хийгээд байж болох бололцоотой болж юу магад гэж бодсон хэрэг. “Зорилго нь аргаа зөвтгөнө” гэдэг ойлголт марксизмтэй хамт үеэ өнгөрөөсөн тул миний, эсвэл надтай ойролцоо бодолтой хүмүүсийн буруу байж болох. Гэхдээ л Монголд зөв гольдролоороо явж байгаа зүйл алга тул нилээн өөр маягийн “ёс суртахуун” хэрэг болдог гашуун үнэн байна.


Нэг үеэ бодвол маш олон залуус гадаадад сурч, өндөр төвшний мэргэжилтэн болоод, тэндээ ажиллаж байна. Тэд монгол буцдаггүйн нэг шалтгаан нь мөнгө боловч, түүнээс илүүтэйгээр монголд очоод хийх юмгүй гэх айдас байдаг. Тэднийг монголд ир гэх хэцүү. Хэрэв монголд, бидэнд ойр зуурын юм хийгээд байхуйц боломжийн лаборатои байвал та нарыг хагас жил, үгүй ядаж амралтаараа ирээд бидэнтэй хамтраач, бидэнд туслаач гэж хүсмээр байгаа юм. Та нарын мэдлэг, туршлага, боловсрол олон олон залууст нөлөөлнө, нилээн юмыг (зөвхөн шинжлэх ухаан ч биш) бусдын бодож байгаагаас хамаагүй богино хугацаанд өөрчилж чадна гэж итгэдэг.


Хэдэн жилийн өмнө дөнгөж шинээр нээгдсэн нэг хоолны газар орлоо. Үйлчилгээ нь бусдаас гайхмаар сайн. Мэдэхнээ менежер нь гадаадад төгсөж ирээд удаагүй бүсгүй байсан. Дахиад ийм 20 менежер байвал УБ-ын үйлчилгээний салбарын нүүр царай ганц хоёрхон жилийн дотор танигдахгүй болтлоо өөрчлөгдөх юм байна гэж бодож байж билээ.


Биохемикерийг монголд очихоороо төгссөн сургуульдаа очоод, ойролцоо мэргэжлээр суралцаж байгаа оюутнууддаа жижигхэн танилцуулах илтгэл тавьчихаад буцдаг байх гэж найдаж байна. Үгүй бол ядаж нэг удаа бусдад мэдээлэл хүргээрэй гэж хүсэх байна. Үүний цаана ч ёс суртахуун бас яригдаж л байгаа. Ер нь бодоход судлаачийн ёс суртахуун хүний ёс суртахууны хүрээнд л байх байлгүй.


Жич: Би мэргэжлийн хүн биш, доорхи бичсэнд алдаа байж болзошгүй. Хүний, үр тогтсон өндгөн эс 2, 4, 8 гэх мэт хуваагдан олшроно. Тодорхой хугацааны дараа эдгээр эсүүд, элэг, бөөр, цус, үс, арьс гэх мэт салж хөгждөг байна. Хэрэв энэ эхний үеийн, эрхтэн болж амжаагүй байгаа үүдэл эсүүд (embryonic stem cells) нь байвал, тухайн хүний өвчтэй эрхтэнүүдийг эмчилж болно гэж үзэж байгаа бололтой. Док.Hwang (проф. байсан) энэ үүдэл эсийг, эсийн цөмийг шилжүүлэн суулгах аргаар гаргаж авсан гэж зарласан нь, Биохемикерийн бичсэнээр, хожим худал гэдэг нь тогтоогдож, эрдэм шинжилгээний ажлыг яаж хийж болохгүйн төгс төгөлдөр жишээг болсон байна. Уг нь тэр урамгүй сэтгэгдлийн төгсгөлд зүгээр ч нэг “stem cell” гэж бичээгүй юм аа.


Хэхэ яасан ч урт юм болчихов. Уучлаарай.
9. zochin 22 (зочин) | 2009-02-12 14:13:04
Mongold sudlaachdiin yos zui gej bhgyi bolj bna doo. Uuniig uhamsarladag sudlaachid tsuuhun duu. Bur ScD humuus bol harin ch neg ene talaar yu ch ygyi bolson haragddag. Tednii ene bichsen galzuu hunii temdegleluudiig heden jiliin daraa sudlaachid unshaad emegnelteigeer uilah biz.harin ted uhsen bh uchraas yu hiij yu bichsenee medehgyi ni hamgiin haramsaltai.
10. Boldoo (зочин) | 2009-02-13 08:13:14
Uul n hunii stem cell-iin sudalgaag mongold hiivel haritsangui bolomjiin sedev yum shig sanagddag. Lab baiguulna gej mon ch ih yarij baina daa hahaha, odoo barag hamag bagajiig hujaagaas hyamdhan avah bolomjtoi bolson bainalee. Hamgiin gol n oligtoi hun l alga daa, ene hulhinii solongos chin moralgui ch gesen bas l delhiin zindaand garchihsan gar l daa. Mongold hiij chaddag hund jijig sajig hiij boloh yumnuud zondoo baina. Daan ch dahin helehed mongold hamgiin gol n yum hiih hun alga
11. biochemiker | 2009-02-15 23:26:00
сэтгэгдэл үлдээсэнд талархлаа.. завтай болохоороо хариу бичнэ ээ...
12. biochemiker | 2009-02-18 00:42:38
Бага ч гэсэн мөнгө дотоодоос олддог (2-10сая) нь үнэн боловч мөнгө дагаад албан тушаалтан, эрх мэдэлтнүүд судлагааны төсөлд зөвлөдөг, зохицуулдаг, ажилдаг нэрээр чамгүй хэсгийг буцаагаад авч байгаа. Мэдээж хэрэг энэ санхүүжилтын ихэнх хэсэг нь цалинд зарцуулагдах бөгөөд өчүүхэн хэсэг нь судлагаанд үлдэж таардаг. Энэ нь байнгын орон тоотой тааруухан судлаачыг халах "маш гоё" боломж. Ингэснээр доктор болон постдокторуудыг илүүтэй ажиллуулж ирээдүйтэй судлаачдаа мэргэшүүлэх, гаргаж ирдэг, олон оронд... Макс Планк Институтын судлагааны ажилтнуудын 65% доктор оюутнууд. Гэтэл энэ бол дэлхийн хамгийн нэр хүндтэй судлагааны хүрээлэн. Монголын судлагааны хүрээлэнгүүд 100% байнгын орон тоотой ажилтанууд. Харин эрдэм шинжлгээний ажил үнэхээр 1970-д он (Др. Баяртогтохын судлагаа үүнийг батлах хамгийн сайн жишээ). Багш нарын чадавхийг дээшлүүлж дор хаяж дотоодын судлаач нарын хэмжээнд дөхүүлэх ёстой. Үүнд цаг хугацаа хэрэгтэй учраас судлаачдаар оюутанд ч багшид ч семинар дадлага лекц хийлгүүлмээр байгаа юм. 40 орчим настай, дахиж посток авахгүй насны хязгаарт хүрчихсэн чадварлаг судлаач Монголд олон байна. Гадаадад ажилдаг постдок залуусын хувьд том шалтгаан нь үнэхээр мөнгө! Монголд 1 жил ажиллаад авах цалин нь 1 сарын цалинд ч хүрэхгүйг бид бүгд мэднэ.
13. Fontana (зочин) | 2009-02-18 11:41:12
Сайхан зүйл бичжээ. Үнэн шүү. Харин өчигдөр их сайхан мэдээ дууллаа. МУИС Гадвэйт Скүүл байгуулсан байна. Захирлаар нь Хоккайдод төгссөн залууг тавьсан гэнэ. Хэдийгээр дөнгөж өчигдөр байгуулсан ч, оройхон гарч ширүүхэн дайрна гэдэг шиг одоо ажиллаад байх хэрэгтэй болж дээ. Баяр хүргэмээр байна. Градвэйт Скүүлгүй өдий хүртэл явсан гэхээр бас их сонин газар шиг байгаа юм. Би МУИС-д тун их баярлаж байна. Та нар чаднаа. Яаж ашгүй ийм сургууль байгуулж, санаа нэгдэж шийдвэр гаргасан юм бол ? Үнэхээр сайн байна. Одоо ч жинхэнэ эрдэм шинжилгээний ажил ундрана даа. Баяр хүргэе. Фонтана.
14. Parfume | 2009-02-18 23:30:43
Яанаа, энэ ёстой үнэн шдээ.Сонсоход гашуун ч ихэнхи нь Орос хэл дээрхи материал хуулаад л зэрэг, цол хамгаалдаг. Бүр Хүрээлэн, Сургуулиас төсөв гаргуулж байгаад Оросод очиж номын санд нь сууж жаахан юм хуулж ирээд хамгаалдаг юм шиг байналээ. Энэ солонгос хүн манай "эрдэмтэд"-тэй адил бөх зүрхтэй хүн байна
15. biochemiker | 2009-02-20 02:59:07
МУИС-ийн Магистр Докторантурын Албаны даргаар Др. Энхбаяр (Хоккайдо-д хамгаалсан) томилогдсон, түүнийг хэлж байна уу?
16. Fontana (зочин) | 2009-02-20 09:39:08
Др. Энхбаяр гэдэг хүн юм уу ? Ямар ч байсан амжилт хүсье дээ. МУИС гэхдээ Хүмүүнлэг, очиж очиж ХААИС-ийн дараа Градвэйт Скүүл байгуулаад байхдаа яадгийм ? Хамгийн түрүүнд бүхний түрүүнд байх ёстой юм биш үү ? Манлайлагч байх ёстой сургууль биш үү ?
17. biochemiker | 2009-02-20 18:47:41
Градвэйт Скүүл=Graduate School гэж ойлгоод байгаа зөв үү? МУИС-ийн Магистр Докторын Сургалтын Алба гэдэг миний мэдэхээр чамгүй олон жил болсон. Проф. Мекеи тэтгэвэртээ гарсан тул Др. Энхбаяр томилогдсон тухай http://num.edu.mn/Default.aspx?tabid=58&ctl=Details&mid=899&ItemID=491 өгүүлсэн байна. МУИС манлайлахаас илүүтэйгээр ганцхан Их Сургууль Монголд хангалттай. Анагаах Ухаан, Хөдөө Аж Ахуй, Байгалийн Ухаан, Хүмүүнлэгийн Ухаан, Инженерийн Ухаан, Эдийн Засгийн гм Факультетуудтай, ямарваа мэргэжлийн хичээлийг зохих факультетээс мэргэшсэн судлаач, багш нар нь ирээд заадаг, шалгадаг...

No comments: